Орцны жижүүр байсан ЭЭЖДЭЭ нутагт нь харж барьж өгөхийг хүсдэг залуу…

Дорнод аймгийн Чойбалсан хотын төвд байрлах 4-р байшингийн хажуугаар гарахдаа үргэлж энэ орцон дээр очиж үздэг.
Манайх гэдэг айл энэ байшинд 3 жил амьдарч билээ. Таны бодож байгаа шиг давхарт бишээ подвалд нь амьдардаг байлаа.
Ингэж амьдрахаас хэдхэн жилийн өмнөх үеээ дурсвал… Цагтаа манайх гэдэг айл хоер идэхгүй хоосон хонохгүй, хэд гурван малтай, өөрийн гэсэн орон гэртэй тэр нэгэн жихүүн өдрийг хүртэл сайхан л аж төрдөг байлаа.

Би гэдэг хүн сурагч нэрээс оюутан гэх алдрыг зүүн УБ хотод 1-р курсээ төгсөх үетэй давхацсан юм. Тэр үед утас дуугарч миний хүү гэртээ яаралтай хүрээд ир гэсэн ээжийн гунигтай хоолой дуулдлаа. Ингээд би ч гэрт харихад итгэмээргүй асуудал энд тэндгүй бөөгнөрчээ. Ээж аав минь амьхандаа амьдралаа дээшлүүлэх санаатай нэлээн хэдэн жилийн өмнөөс банкнаас зээл авч гуанз, түц мэтийн юм ажиллуулж эхлэсэн ч тэр нь сунжирсаар бөөн асуудал болжээ. Өөр нэг шалтгаан нь оюутан болсон миний сургалтын төлбөр гэхээс эхлүүлээд асуудал гарч. Сайхан сэтгэлийг ашиглан зээл авхуулж хулхидан мурьсан хэдэн хүн ч үүнд нөлөөлсөн.
Энэ тухай дэлгэрэнгүй бичээд яахав. Өрний асуудлыг хүн бүхэн л мэдэх болсон үе.

Ингээд манайх гэдэг айл олон жилийн турш зээлийнхээ хүүгийн хүүг л төлж ирсэн байж. Яагаад ч юм банкнаас зээлээ бүрэн төлөхийг шаардсан байна. Ингээд байсан хэдэн малаа хам хум зарж борлуулаад ганц сэтэртэй азаргатай үлдсэн ч төлж хүрсэнгүй ээ. Тэгтэл гэнэтхэн банкнаас хүмүүс орж ирээд байшинг минь лацдаад авдаг байна. Яг энэ үеээс л амьдрал гэж ямар болохыг мэдэрч эхлэж билээ. Аав ээж, дөрвөн дүүтэйгээ хэдэн хувцасаа чирээд хашаандаа гарав аа. Хаачихаа мэдэхгүй балмагдсан аав ээжийнхээ царайг харахаар үнэхээр өрөвдөлтэй. Бидний өмнө буруутай болохоор эгцэлж харж чадахгүй хоорондоо үе үе бухимдан үглэнэ.

Тэр оройдоо бид сумандаа хамаатнуудынхаараа тараад хонолоо. Үүрээр босоод хартал ээж минь алга. Үр хүүхдийнхээ мууг үзэхгүй гэсэндээ шөнө дөлөөр босч 56 км-ын алсад орших аймгийн төврүү ганцаар алхсан байна. Шөнийн харанхуйн айдас энэ удаад ээжийн минь сэтгэлийн дарамтыг давж айлгаж чадсангүй мэт.

Ингээд хэд хоног таг чиг.
Хөөрхий ээж минь нулимсаа баран хаана сандарч тэвдэж яваа бол гэж бодохоор л хамгийн хүнд. Аав минь хэдэн дүүг минь харан сумандаа бас зүгээр байна гэж юу байхав гунигт автсан, архи амссан хүн. Тиймээ өөрөөр яах ч билээ.
Суманд хэд хоносоны дараа ээжээс хүнээр дамжуулсан хэл ирэв. Миний хүүхдүүд аймгийн төвд хүрээд ир гэх. Бид халаасандаа 100төгрөг ч үгүй. Тухайн үед ээжийн минь бага эгч Сумьяа гэх сайхан эгч маань биднийг аймаг оруулах унаа олж өгсөөн бид мартах учиргүй.

Нэг машинд бөөгнөрч аваад хурдхан аймаг оров. Суманд байх маш хүнд байсан. Аавыг минь болон биднийг эвгүйхэн харсан харц олон байсаан. Ашгүй аймгийн төвд ирж ээжтэйгээ уулзав. Сэтгэлийн тэнхээ гэхүү хүүхдүүдийнхээ өмнө хичээсэн гэх үү инээгээд угтаж авсансан. 7-р хороонд байрлалтай нэгэн хашаанд бид очлоо. М.Оюунбаатар гэх нутгийн ахын хашаанд байх ТҮЦэнд хэсэг байрлахаар болжээ. Оюунбаатар, Оюунбилэг гэх ах эгч хоер ингэж л хэцүү цагт туслаж билээ. Бас л мартах учиргүй тэргүүн эгнээний буянтай хүмүүс. ТҮЦ болохоор их жижигхээн. Бид унтаж хэвтэхэд арай л багадах ч яаж хийж байгаад хорвоогийн бор хоног шар нарыг хэдэнтээ тоолсон юм даа.

Нэгэн өдөр ээж минь: Ээж нь ажил олсоон эндээс нүүе гэсэн. Тиймээ энэ бол амьдрал мэдрүүлсэн алдарт 4-р байшин. Хамгийн урд захын орц буюу 4-р орцны шатны доор байрлах подвалд амьдрахаар боллоо. Хэдийгээр чийг ихтэй, цонхгүй, харанхуй орчинч гэлээ бидий түр гэр боллоо. Ээжийн минь ажил ойлгомжтой санагдаж байгаа биздээ орцны жижүүр гэдэг нь. Өглөө эрт босоод ганц орц биш дөрвийн дөрвөн орцыг ганцаараа цэвэрлэнэ. Үдшээр холхисон хүмүүсийн гутлын улын шавхайг, үг хэлээр доромжилсон ч шүлс нус бүгдийг л цэвэрлэнэ. Зарим нь үүнийг цэвэрлэх ямар байдгийг ойлгохгүй. Ингээд л шинэ амьдралд оров доо хөөрхий.

Тэр янзаар аж төрж амь зууж суутал өнөөх банк олж ирээд үлдэгдэлээ өгөхийг шаардав аа. Өр гэж үнэхээр хэцүү. Тэр дундаа банкны өр бүүр ч балагтай. Аав, Ээжийг минь ажил хийлгэхгүй шүүх, цагдаагийн газраас үргэлж дуудаастай. Дуудаж очуулчаад амьдаар нь тамлах янзтай гадаа халуун нар, тэсгэм хүйтэнд удаанаас удаан хүлээлгэж маргааш энэ цагтаа ирэхийг хэлээд учиргүй буцаана. Хөндлөнгөөс харах хүмүүсийн хов живэнд орж нэр ус нь бай болно. Нутагтаа сайхан аж төрөх үед ээж аавын найзууд гээд олон нөхдүүд байдаг байлаа. Ийм болоод гундахад хуруу дарам хүн хүн чанараа үзүүлж үлдлээ.
Хөндлөнгийн хүн яах вэ? Энэ хамаатан гэх нэрийн дор байдаг зарим нь их элгийн амьтад болж хувирсан даа. Олон хүүхэд хараад онцолж айсан байхөө. Шууд гудамжинд гарч гуйлгачины эгнээнд шилжсэн болохоор тэр байх. Магадгүй биднийг энэ л янзаар байж өсөж том болохгүй мэт толгойдоо олгой болгон бодсон биздээ. Гэлээ ч тэдний буруу гэж юу байхав.Гэхдээ нэг муухай юм болсоон болсон. Аав минь адуунд хайртайг нутгийн түм бүгд мэднэ. Хэдэн адуугаа хэдэн цаас болгоод ганц сэтэртэй хонгор азаргатайгаа үлдсэн гэж дээр дурдсан. Гэвч нэгэн хамаатны ахад манайх хэдэн төгрөг өгөх өглөгтэй байж. Цаг үеээ олоогүй юу? ахиж олж авч чалахгүй гэж бодсон уу ганц үлдсэн азаргын минь сэтрийг тасдаж хаяад зарж борлуулан өрөө авсаныг хожмоо сонсоод аавыгаа л өрөвдөж суулаа даа. Үнэхээр их!!!

Энэ мэт эхлэлтэй олон сонин үйлдлийг хэдхэн жилийн дотор хэдэн наснаасаа хэд давсанаар олонг үзлээ.
Өнөөх өр шир нэхэгдсээр өнгөтэй явах дүүрч өлөн зэлмэн явсан өдрүүдээр солигдов…

Хэдэн дүү нар минь бусдын адил өвөл зуны гэх ангилсан хувцасгүй байсныг нуугаад яахав. Өвлийн улиралд зуны гуталтай нимгэн хувцастай чичирч л явлаа. Тэглээ гээд хулгай зэлгээ, худал хуурмаг үйлдэл хийхгүй ээ. Бид боловсрол нимгэнтэй ч хүмүүжил өндөртэй байсан шүү. Тэр янзаар хар бор өдрүүд тэгж ингээд яваад л байлаа. Би гэдэг хүн намар болоход сургуульдаа дэвшин 2-р курст орох байсан ч нэг жилийн чөлөө авч хотод барилгын туслахаар ажиллаж эхлэв ээ. Тоосго зөөгөөд шавар зуураад л гое шүү.
Сар шинэ дөхөх үеээр гэрээ эргэхээр аймаг орж билээ. Тэр үед хамгийн удаан уйлах шалтгаанаа харсанаа сайн санаж байна.

Гэрийнхэнтэйгээ уулзахад яг л бахь байдгаараа. Ангийнхантайгаа уулзаж суумаар байдаг байвч амьдралаасаа ичиж үүрнээсээ цухуйдаггүй байсан. Би ийм байхад миний дүү нарт бүр л хүнд байсан нь ойлгомжтой. Дүү нар л гээд их дурдлаа. Хамгийн их хэцүү байсан хүн бол миний ганц эгч. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилсан ч авах цалингаа өрөнд нэмэрлэнэ. Өмсөж зүүх ч юм дутмаг ховорхоон авна тийм л агуу хүн бол эгч байлаа.

Оройн хоолоо идчээд салхилахаар гарав аа.

Яг орцны үүдэнд ирэх агшинд танил дуу чихэнд хадсан нь хоер бага дүү байв. Нэг давхарын айлуудын хаалга тогшин танайх мөнгөө өгөх үү гэж асууна. Өглөө нарнаас үдшийн бүрий болтол мөлхсөн ээжийнхээ хөдөлмөрийн шимийг нэхэж буй нь тэр. Их мөнгө бишээ нэг айл сарын 1500 төгрөг байсан байх. Түүнийг л нэхсэн хэрэг.
Нэг айл хаалгаа онгойлгоод май муусайн гуйлгачид минь гээд хоер дүүрүү минь мөнгөө шидэж эргүүлэн тас хийн хаав. Номероор нь тэмдэглэж бүртгэдэг дэвтэрээ унаган байж шалан дээр шидэгдсэн цэнхэр, ногоон дэвсгэртүүдийг түүж авах дүү нараа хараад зүрх зогсох шиг болсон. Гэвч дүү нарын нүүрэнд инээд тодроостой. Мөнгөөрөө идэх юм авч гол гарах учраас тэр.

Өнөөх айлын хаалгыг дахин нүдээд бусьнуулаад хаямаар байвч ээжийнхээ ажлыг хүндэтгээд гараа зангидаад гадагш гарлаа. Тэгээд эргэн гэртээ орж дүү нарынхаа царайг харахаас айж үүр цайтал гадаа уйлж сууж билээ.
Естой л сар надад хань болсон урт шөнө болж билээ.

Ингээд эргэн хот орох замдаа би ямар ч байсан боловсрол эзэмших хэрэгтэйн байна гэж шийдээд сургууль дээрээ очиж учраа өчихөд сургалтын албаны дарга Азбилэг, нягтлан ЭрдэнэУул гэх хоер сайхан эгч минь ойлгож төлбөрөө боломжтой үедээ өгөөрэй гээд сургуульдаа эргэн оров. Би гэдэг хүн сургуулиа төгсөнийхөө 2 жилийн дараа төлбөрөө гүйцээн өгч дипломоо хэзээ хойно авсансан. Бас л мартаж болохгүй буянтнуудын нэг болсон доо. Хонхны баяраар минь нэг ч хүн ирээгүй. Яагаад гэвэл мэдэхгүй. Үүнтэй зэрэгцэн аавынхаа талаар муухан мэдээ хөндлөнгийн хүнээс сонсов. Албадан ажил хийлгэх нэрийдлээр хоттой ойрхон хорих ангид авчирсан гэх. Балмагдах багадах агшин болсон доо. Гэхдээ тун удалгүй энэ тэнүүгээр гүйцгээсэний үндсэн дээр эргэн буцсан даа.

Аймшгийн ч гэхүү өдрүүд энэ мэт үргэлжилсээр хэдэн жилээр дамнан дампууруулав. 2008 – 2012 он хүртэл хугацаа бидний хувьд хүнд жилүүд байсаан. Гэхдээ ийм байдалд орсон үеээ би азтай айл гэж боддог. Бидэнд – хүний хүн чанар хаана хугардаг, хэнтэй яаж харьцахав, хүний муухай, сайн чанарууд гээд ухаарлыг удаа дараа суулгасан сайхан онууд гэж одоо боддог.

Одоо 2016 он.

Манайх гэдэг айл банктай болон хувь хүмүүстэй тооцоо дуусаад хэдэн жил болж бн. Энэ хугацаанд би болон миний 2 дүү их сургуулиа төгсөөд авлаа. Ээж аав хоер минь аль эрт эсгий гэр барин эгэл жирийн амьдарч байна.
Тиймээ одоо алзахгүй. Бид ээж ааваа асраад явах тэнхээтэй болсон шүү.

Нутагт нь #харш барьж өгөөд нэг нүдээрээ ч үзэхгүй байсан хүмүүст гайхуулж нэр усыг нь ариутгана гэж цагаан мөрөөднө. Энэ цаг удахгүй ээ. Эцэст нь энэ бүхнээр юу хэлэх гээд байна гэхээр банкны өр даамжирвал балаг тарьдаг юм шүү гэдгийг туулж үзсэн амьдралаасаа сургамж болгон үлдээх санаа байлаа. Хаана ч явсан хэнийг ч дорд үзэж болохгүй шүү залуусаа. Ялангуяа орцныхоо жижүүрүүдийг хүндэтгэн нус цэрээ хаяхгүй байхыг хүсье… Ийм амьдралаа их л нууж явдаг байлаа. Одоо хамаагүй ээ хэн юу гэх нь. Үнэн юм бүхэн сайхаан!!!
Ээж аав, эгч, дүү нараасаа асуулгүй зөвшөөрөлгүй бодлоо биччихлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *