Дүүдээ амьдрал бэлэглээд өөрөө тэнгэрийн шувуу боллоо

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багийн малчин Сансарбаярын тавхан настай охин дүүдээ бүх хувцсаа давхарлаж өмсгөөд өөрөө осгож амиа алдсан байдалтай олдсон гэсэн мэдээ цахим ертөнцөөр дүүрэн цацагдаж хүмүүс бидний зүрх сэтгэлийг цочирдуулан, өрөвдөх, харуусах мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлж байсан цаг саяхан. “Өвөөгийнд нь очиж цагаан сарын бууз чимхэхээр явсан аав ээжийнхээ араас гараад эргэж ирэхгүйгээр холын холд явчихсан балчир охин үхэл амьдралын зааг дээр өөрийгөө үл хайрлан өөдөсхөн жаахан дүүгээ амьд үлдээхийн төлөө бүх хувцсаа давхарлан өмсүүлээд чармай нүцгэн болсон ч дүүдээ даарч байна гэж хэлэхгүйгээр шүдээ тас зуун инээмсэглэсээр энэ хорвоог үүрд орхин одсон эмгэнэлт түүх томчууд бидэнд нэгийг санагдуулна. Өнөөдөр бид эгчийнхээ хайр халамжийн ачаар амьд үлдсэн 3 настай С.Хонгорзул охиныг эргэхээр Сонгинохайрхан дүүрэгт байрлах “ Мөнгөн гүүр “ эмнэлэгийг зорилоо. Охин хүнд шатны осголттой гар, хөлнийхөө зарим хурууг тайруулсан байдалтай байсан бөгөөд үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Эгчийхээ бодож байсан бүх хүсэл мөрөөдлийг заавал биелүүлээрэй, эгч нь чамайг тэнгэрээс үргэлж хараад инээмсэглэдэг шүү. Дүү минь хурдан эдгээд сайн хүн болоорой. Тэгвэл эгч чинь чамайг аварсандаа үргэлж баяртай байх болно хэмээн бяцхан охины сэтгэлийг засаад Увс аймгийн 1991-1993 онд төгссөн төгсөлтийнхөний сэтгэл шингэсэн бяцхан илгээмжийг С.Дэмбэрэл, Ц.Болормаа, З.Оюунсүрэн нарын хамтаар гардуулан өгөхдөө тэнгэрт одсон бяцхан охины агуу хайрыг өөрйн эрхгүй биширч байлаа. С.Хонгорзул охинд сэтгэлийн дэм хайрлаж эмчилгээний зардалд нэмэр болох зорилгоор өөртэй байгаа бүхнээ харамгүйгээр өгч сайн үйлсийг дэмжсэн төгсөлтийн бүх найз нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Хүүхэд багачуудыг сайн үйлсэд уриалан дуудах зорилгоор дүүгээ аварсан бяцхан атлаа баатарлаг охинд зориулан гэрэлт хөшөө босгох юмсан гэж бид ярилцсаар эмнэлэгээс гарч билээ. Тэр хөшөөн дээр очиж эгчийн агуу хайрын тухай бодит түүхийг хүүхдүүдэд ярьж хайрын дуу аялан, хайрын тухай шүлэглэвэл тэнгэрт байгаа бяцхан охин ямар их баярлах болоо ? Холын хол, тэнгэрийн оронд залран, диваажингийн цэцэрлэгт хүрээлэнд соно бялзуухайнуудтай наадан яваа бяцхан охины дүүдээ зориулсан тэр агуу их хайрын илч, инээмсэглэл гэрэлт хөшөөн дээр тусан олон хүмүүсийн зүрх сэтгэлд хүрэх байх даа. Зулай зулайгаа гишгэн төрсөн эгч дүүсийн хайр, эрхэм нандин холбоо, зүрхний бяцхан дуудлагыг олон хүмүүст дуулгаж түүнийг хичнээн удаа магтан алдаршуулавч бяцхан охин одоо хэзээ ч эргэн ирэхгүй ч түүний баатарлаг үйлсийг үеийн үед бид мартахгүй ээ. Зөвхөн эх хүн л үрдээ зориулж чадах тийм агуу тэнгэрлэг хайр, баатарлаг эр зориг тэрхүү тавхан настай нялх охиноос гарч чадсан нь үнэхээр бахархмаар. Уйлж ирээд уйлуулаад оддог орчлонд мөнх амьдрахгүйгээс хойш энэ хугацаандаа нэг нэгнээ уучилж бусдад итгэж хайр, ивээл, жаргал түгээж амьдарцгаая. С.Пүрэвсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *