Сэтгүүлч Отгон: УИХ-ын гишүүн Б.Ундармаа шиг иргэдийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын 250 тэрбум төгрөгөөр хувьдаа 25 компани байгуулах уу…

Яаж би-24

Яаж би
УИХ-ын гишүүн Б.Ундармаа шиг иргэдийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын 250 тэрбум төгрөгөөр хувьдаа 25 компани байгуулж, эцэст нь банкаа дампууруулж, хариуцлагаас зугтах вэ?

Яаж би
УИХ-ын гишүүн Н Амарзаяа шиг сонгогчдынхоо уух ус, амжиргааны эх үүсвэрийг байраар “арилжиж”, Тост, Тосонбумбыг түйрэн болгож буй Б.Чойжилсүрэнгийн байранд “үнэгүй” амьдрах вэ?

Яаж би
Яг түүн шиг ядуугийн дүрд тоглож, улсаас 50 саяыг авангуутаа баячуудын хорооллын тансаг байранд талын талд нь хүрэхгүй мөнгөөр “залрах” вэ?

Яаж би
Хотын захирагч С.Амарсайхан шиг иргэдийнхээ ундны усны эх үүсвэрийг ахынхаа компаниар сүйтгүүлж, “бургас” хэмээн олноо өргөгдөх вэ?

Яаж би
Гишүүн асан Д.Гантулга шиг тойрогтоо 3 жил хийж чадаагүй хөрөнгө оруулалтаа “нөхөн сонгууль”-иар 3 сарын дотор хийлгэх вэ?

Яаж би
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир шиг Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ хэлэлцэхээс өрсөж хулгайлан, замын компанийхаа ажил олгогч гадныханд өгч саймшрах вэ?

Яаж би
Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан шиг авлигын мөнгөө сейфэндээ багтааж дийлэхгүй болонгуутаа “нимгэлж ир” гэсэн даалгавар өгч , юань доллар болгуулан гэртээ хадгалах вэ?

Яаж би
Яг түүн шиг 700 саяын авлигыг үйдэл дээрээ гардуулчихаад 40 саяар торгуулаад өнгөрөх вэ?

Яаж би
Э.Аззаяа нарын авлигачид шиг эзнээрээ “захиалгын хууль ” гаргуулж, бүлэг, зохион байгуулалттай авлигын хэргээ “мөнгө угаах” болгон хэрэгсэхгүй болгуулах вэ?

Яаж би
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд шиг даргалж буй байнгын хорооныхоо хурал дээр, эрүүгийн хуульд шинэ заалт оруулж, өөрийн холбогдсон тэрбумын авлигын хэргээ хэрэгсэхгүй болгох замыг засах вэ ?

Яаж би
Шүүгчид шиг 2-8 жил хорих ялын дүгнэлттэй Мэргэжлийн хяналтын бүлэг авлигачдын хэргийг “мөнгө угаах ” болгон зүйлчилж, “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох вэ?

Яаж би
Ямбыг нь эдлэхдээ 76-уулаа мөртлөө яг хуралдаа тал нь сууж, 20 гишүүний саналаар хууль батлах вэ?

Яаж би
УИХ-ын гишүүд шиг “газрын доорхи баялаг гагцхүү ард түмний мэдэлд байх” үндсэн хуулиар олгосон эрхийг нь булааж, ядарсан арддаа “Ялалтын баярын бэлэг” барих вэ?

Яаж би
Авгай нөхрийн хөнжил сөхөгдөхөд амтай болгон шуугидаг мөртлөө амин чухал асуудлууд дээр амандаа ус балгасан мэт байх бэртэгчин занг тэвчих вэ?

Яаж би
Өнөөдрийн өнгө, мөнгөний төлөө ирээдүйн уух ус, амьдрах орчноо устгаж, сууж буй мөчрөө хөрөөдөх тэнэглэлийг зогсоох вэ?

Сэтгүүлч Б.Отгон 2019.05.11

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *