Шашин гэдэг бол “ТӨР” тогтож, улс байхын үндэс…

Ер нь шашин гэдэг бол шавар гуулин хэдэн бурхан биш. Бас шашин гэдэг бол овоодой өмсөж, орхимж хэдэрсэн хэдэн хуврагийн ч хэрэг биш. Эсвэл мөргөсөн сөхөрсөн хэсэг сүсэгтний ч асуудал биш. Энэ шашин гэдэг бол төр тогтож, улс байхын үндсэн гол асуудал мөн. Шашныг дотроос нь сахил санваараар хашиж, төрийг гаднаас нь хууль цаазаар засдаг бол, хүмүүн бодгалыг дотор сэтгэлийн чанар байдлын талаас нь шашны суртлаар, гадны биеийн ёс байдлын талаас нь төрийн цаазаар гэсгээж, тэгшлэн засна хэмээн судар шастирт номложээ. Энэ нь угтаа хүмүүн бодгалын сэтгэлийг засах, оюуныг нээхийн хоёр аргатай, нэг зорилготой үйл тул төр шашин хоёрыг шувууны хоёр далавч мэт тэгшид ихэрлүүлж, билгүний ир хурц, аргын мөөр зузаан илдээр мунхагийн бүдүүн гол модны үндсийг сая огтолж бармуй хэмээнэ. Энэ үүднээс ч шашингүйгээр төр, төргүйгээр шашин тогтох учиргүйг номлож, баталсан эртний дорно дахины хомт улсуудын төр шашныг хослон зохиож ирсэн үндэсний уламжлалыг улааны суртлын далан илүү жилийг төрөл арилжих хүртэл ор тас орхин огоорсноос өнөө гэнэт төрсөн нялх шашинд өлгийдөх өлгий, өсгөх эх аль аль нь байхгүйгээр үл барам, овоглох нэрлэх овог нэр ч бүдэг балархайболоод, цаашид ямар нүн болгож авах, эр цээл ирээдүй холын санаа зорилго нь тун бүдэг бүрхэг, асрах ачлах эцэг эхгүй өнчний маягаар арван насыг хүрэв. Төр хэдийгээр шашнаа бодлогоосоо холдуулж, ивээлээсээ гаргах тусам, төр хэдийгээр шашны, хүнийболон нийгмийн үүргийг өнгөрсөн далан жилийн үзэл суртлын хэмжүүрээр үзэх тусам, төр хэдийгээр манж нэрийн дорхи хятад түшмэлүүдийн шарын шашныг төрийг тогтоох хөлөг унаа болгож ашиглаж байсан тэр бодлогыг шүүмжлэх тусам, Бурханы шашнаар төрийн дөрвөн хөлийг бат суурилуулж, агсаар ирсэн эртний хаадын төрийн тэр бодлого, тэр бүх боломжоо төдий чинээгээр алдаж, өнөөгийн шашныг төрд хэрэглэх ухаанаасаа төдий чинээгээр холдож байгаа юм. Шашин нь хутагт хувилгаадад эзэнтэй, хутагт хувилгаад нь төрд эзэнтэй байж, шашин үндсээ хамгаалж, улс гэрээ тогтоож байсан нь өнөөгийн “Монгол Улсын үндсэн хууль”-ийн доторхи бие биенийхээ нүүр өөдөөс хэзээ ч харахгүй, гурван талаас нуруугаа харуулсан юм шиг шашин төрийн харьцааны гурван заалтаас огт өөр байжээ. Ардын хувьсгалын түүхэнд хувьсгалчийг нь яриад, хутагтыг нь хаядаг байсан бол, ардчиллын энэ үед хутагтыг нь яриад, хувьсгалчийг нь орхих болов. Бядуу минийүзэхээр бол хувьсгалч хутагт хоёр, төр шашин хоёр ижил тэгшээр төрийг тэтгэж, улсыг тогтоож явсан мэт байна. Ингээд бодохлоор Бурханы шаин хэмээх хүний болоод нийгмийн оюун санаа, улс төр, үзэл суртлын энэ их хүчтэй далдзэвсгийг зөвхөн зөвхөн ганц дундад зууны харанхуй үеийн мухар сүсгийн жишээ үлгэрт уяж, уран зохиол, урлаг мэтийн зүйлээр хөнгөн гоймоод үзүүлэн, ухуулж, ухааруулсаар ирсэн далан жилийн нэг бүхэл бүтэн үеийн буруу үзэлтнээс нь чөлөөлье. Нэгэн орны доторхи олон шашны асуудал ч чухамдаа монгол төрийн бодлогын дотор хэмээвч гадна байна. Ер нь улс гэрийн доторхи олон шашны урсгалыг эрхжүүлэн баталгаажуулсан өнөөгийн Монголын төрийн бодлого нь “XY зууны бага хаадын бутрал”, “XYII- XIX зууны Манжийн талхин дорхи 220 жилийн дарлагдал”, XX зууны эхэн мөчлөгийн Монголын сайн дураараа автономит эрхээ устгасан хэмээн өмнөх түүхээ яллан шүүмжилж ирснээс хэдэн хувь доор, чухамдаа өргүү догшин бух, галзуу согтонги заан, эмнэг ардгийн хөлөн дор өчүүхэн нялхыг орхиод, яаж гарч, яаж үрэгдэж дуусахыг, төрүүлсэн эх, төрсөн эцэг нь тэнсэн хараад зогсож буй мэт, улс гэрийн үндсэн эрх ашгаас урвасан ухаангүй ухваргүй явдал мөн.

Хэл бичгийн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *