Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд 15 жилийн ял оноолоо

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бага насны хүүхдэд хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн хэргийг шийдвэрлэлээ.

Архангай аймгийн харьяат, урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан Д овогтой Д нь өнгөрөгч оны аравдугаар сарын 13-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нэгдүгээр багт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхэд болох Б-г биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн байна.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2019.05.15/ хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д-д 15 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх гэмт хэргийн үйлдэгддэг орчин нь ахуйн хүрээнд, гэр бүлийн хамаарал бүхий этгээд үйлдэх нь дийлэнх хувийг эзэлж байх бөгөөд эцэг, эхчүүд бага насны хүүхэддээ хандуулах хараа хяналтаа сайжруулах, тэднийг болзошгүй эрсдэл, бие махбодь болон сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг прокурор анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *