Ш.Болд: Эм суудалтай эрчүүд урт насалж, эр суудалтай эмэгтэйгээс бөх хүн төрдөг…

Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд “экспортлох” арга байгааг Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн профессор, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ш.Болд ярих болсоор багагүй хугацаа өнгөрч байна.

Тэрээр “Судас барьж оношлох” аргаар анагаах ухааны доктор хамгаалсан Монгол дахь ганц эрдэмтэн. Гэсэн ч “Судсыг жаахан ч гэсэн гадарлана” хэмээн даруухан загнах юм билээ. Бас Шинжлэх ухааны доктор цолыг “Эх сурвалж, судар ном”-оор хүртсэн байдаг. Тиймдээ ч Монголын анагаах ухаан 5000 жилийн түүхтэй хэмээн бардамнана.

Түүнтэй тохирсон ёсоор Улаанбаатар сувилал дээр уулзахаар очиход, оюутнууд нь хичээлийн танхимдаа багшийгаа хүлээгээд суудлаа эзэлжээ. “Хичээл ороход 30 минут дутуу байна” гэсээр бидний ярилцлага эхэлсэн юм. Энэ хугацаанд амжиж түүнээс асуух зүйл олон байсан ч “хорхойгоо дарж” амжилгүй хичээлийн хонхоор дуусгалаа.

ESA—Монголын уламжлалт анагаах ухааны дэлхийд гарах гарцыг Та юу гэж харж байна вэ?

  • Уламжлалт анагаах ухааныг дэлхийд гаргахын тулд энэ чиглэлээр олон жил судалгаа хийлээ. Гарцын хувьд хэд, хэдэн боломж байна. Үүнд уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргуудыг хэлж болно. Энэ арга нь дотроо хэд, хэд хуваагддаг. Идээ ундаа, явдал мөр, эм, засал гэсэн үндсэн дөрвөн ерөндөгийг зөвхөн дотоодынхоо эмнэлгийн тусламжид хэрэглээд зогсохгүй, гадныхныг татаж болно. Гэхдээ энэ хоёр зэрэгцэж явах учиртай юм.

ESA—Дотоод, гадааддаа харилцаа зэрэгцэнэ гэж үү?

-Уг нь дотоодын зах зээл дээрээ ард түмнийхээ итгэл үнэмшлийг олж, хүрээгээ тэлэх ёстой. Гэхдээ дотооддоо байр сууриа олохоо хүлээж байгаад гадагшаа гарна гэвэл худлаа.

Үнэндээ уламжлалт анагаах ухаан манайд 1990 оныг хүртэл хаалттай явлаа. Яагаад гэхээр, 1937, 1938 оны хэлмэгдүүлэлтээр өндөр хэргэм цолтой 14 мянган лам буудуулсан. Бидний хийсэн судалгаагаар тэдний нэр бүгдээрээ хэлмэгдэгсдийн “Цагаан ном”-д орсон байдаг. Тэндээс түүгээд харахад 510 нь маарамба эмч байлаа.

Бурхны их, бага 10 ухаан гэж бий. Үүнээс их таван ухааны нэг нь анагаах ухаан байгаа юм. Өөрөөр хэлбэл, бурхны шашны үндсэн мэдлэгт багтдаг учраас лам нар л мэргэшдэг байлаа. Гэтэл 1937 оноос хойш өнөө хэлмэгдүүлэлт болж, голыг нь мэддэг маарамбууд маань байхгүй болчихсон. Түүнээс хойш 22 жилийн дараа буюу 1959 оноос дахин сэргээх гэж бидний багш, академич Хайдав үнэхээр их зүтгэсэн. Багшийн дурсамжид байдаг л даа. “Тоотой хэдхэн маарамба үлдсэн. Тэд 10 жил хоригдож байгаад гарч ирсэн” гэж. Мэдээж, тэр лам нар насны хувьд их өтөлсөн байж таараа. Ингэж 1959 оноос дахин сэргээхдээ эмийн ургамлын болон эмийн жорын судалгааг нь дагнаснаас биш цогцоор нь сэргээж чадаагүй. Гэтэл цаана нь онолын болон эх сурвалжийн судалгаа, эмнэлгийн тусламжийн асуудлууд, идээ ундаа, явдал мөр, биеийн заслыг цогцоор нь яаж үзүүлэх вэ гэдэг нь орхигдчихсон. Ингэж явсаар 1990 онтой золгож байгаа юм. Түүнээс хойш ард түмэн уламжлалт анагаах ухааныг нэг бол маш гайхамшигтай юм шигээр, эсхүл нэг лам бөө, бас гарын дүйтэй толгой, яс барьдаг өвөөгөөр л төсөөлд ойлгодог. Уг нь энэ ийм биш л дээ. Тогтсон дэг жаяг, хөтөлбөр, сургалтын технологитой. Үүнийг бид одоо л ойлгоод, мэргэжилтнүүдээ бэлтгэж байна.

Өнөөдөр Монгол Улсад уламжлалт анагаахын чиглэлээр долоон сургуульд мэргэжилтэн бэлтгэдэг. Энэ долоогийн зургаа нь хувийнх. Харин нэг нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль байгаа юм. Жил бүр эндээс төгсч байгаа тэр олон эмч нараа яах вэ.

ESA— Дүүргийн болон клиникийн эмнэлгүүдэд уламжлалтын тасаг байдаг шүү дээ?

-Хувийн 130-150 эмнэлэг байна. Дээр нь 21 аймгийн зургаад нь уламжлалт анагаах ухааны бие даасан төв ажилладаг. Үлдсэн 15 аймгийн нэгдсэн болон дүүргийн эмнэлэгт уламжлалт анагаах ухааны тасаг бий. Мэдээж том клиникүүдэд ч тасагтай. Тэгэхээр энэ чиглэлийн эмнэлгийн тусламжийг хангалттай үзүүлж байгаа биз. Гэхдээ манай хүн ам хэд билээ. Гуравхан сая хүнтэй ийм жижигхэн зах зээлтэй оронд тэр олон бэлтгэсэн мэргэжилтнүүдээ яах юм. Тэгэхээр гадагшаа гаргах ёстой. Гэхдээ дотооддоо ойлгоод, бүх хүн уламжлалт анагаах ухааны тусыг хүртдэг болсон тэр цагт гадаад зах зээлийн тухай ярина гэвэл цаг алдана. Иймээс л зэрэгцүүлээд явах ёстой гэж хэлээд байгаа юм.

ESA—Тэгвэл дээр өгүүлсэн, гадаад гарцынхаа тухай яриагүргэлжлүүлье?

-Эхлээд аргуудаа судлаад тэдэнд тохирсон аргыг эмч нартаа сургах хэрэгтэй. Эсвэл гаднаас аялал жуулчлалын шугамаар өвчтөнийг шууд монголд оруулж ирэх хоёр арга байна. Зах зээлээ мэдрээд, зөв хөдөлж чадвал аль алинаас нь ашиг олох боломжтой. Мэдээж, үүнийг дагаад сургалтын чанар, технологийн шинэчлэлийн асуудлууд яригдана. 21 дүгээр зуун гараад хүний генийн дарааллыг тогтоочихсон, хүн хувилдаг үүдэл эсийг гаргаад авчихсан энэ цагт уламжлалт анагаах ухааныг тэр түвшинд нь хөгжүүлэх талаар ажил хийх ёстой. Үүний дараа эмнэлгийн тусламж, эмчлэх, оношлох аргуудаа цэгцэлж, уламжлалт анагаах ухаанд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлж болно. Энэ бол нэг гарц.

Өөр нэг нь жишээ татахад 1990 оноос хойш Польшид манай уламжлалтын эмч нар ажиллаж байна. Би өнгөрсөн жил 11 дүгээр сард тэнд очоод, ажиллаж байгаа эмч нартай уулзаж, лекц уншаад ирсэн. Тэнд 100-150 эмч ажиллаж байна. Польшид уламжлалт анагаах ухаан гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэр хоосон орон зайг манай эмч нар эмийн бус эмчилгээгээр нөхдөг. Одоо бүр Польшийн эрүүл мэндийн тогтолцооноос монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламжийг салгах аргагүй. Өөрөөр хэлбэл “зайлуулах” ямар ч боломжгүй болсон байна. Тогтолцоонд нь ороод, бодлогод нь багтчихсан. Яах аргагүй том боломж байгаа биз. Тиймээс энэ олон бэлтгэсэн эмч нараа Польшоор дамжуулаад баруун Европ руу гаргаж болно. Үүнийг дагаад технологи, эм, эмийн бүтээгдэхүүн гарах учраас эрх зүйн асуудлыг зохицуулах хэрэгтэй болж байгаа юм. Тодруулбал алийг нь оюуны өмч болгож баталгаажуулах вэ, алийг нь нийтийн өмч болгох вэ гээд цэгцлэх ажил их байна. Энэ бол төвөгтэй ажил биш.

Би Монгол анагаах ухааны сургуулийн анхны төгсөгчдийн нэг. Бид 1993 онд 24-үүлээ төгсч байлаа. Түүнээс хойшхи 24 жилийн хугацаанд юу хийх ёстой, юуг судлах, юу хэрэгтэйг бид онгичоод ойлгочихсон учраас боломжийг хараад байгаа юм. Суурь нь тавигдсан. Одоо Төр, засгийн дэмжлэг, эдийн засгийн хөшүүрэг л хэрэгтэй байна.

ESA—Саяхан болсон уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар чуулганаар энэ талаар ярилцсан байх нь ээ?

-Тийм ээ. Дээрхи бүхнийг хийхийн тулд эрх зүйн орчноо шинэчилж, уламжлалт анагаах ухааны хуультай болъё. Бас уламжлалт анагаах ухааны төрийн бодлогын хоёр дахь хэсгийг боловсруулж, Эрүүл мэндийн яаманд уламжлалт анагаах ухааныг хариуцсан газар, хэлтсийг ажиллуулмаар байгаагаа ярилцсан.

Миний тооцоогоор дэлхийн 17 оронд Монголын уламжлал анагаах ухааны эмч нар их бага хэмжээгээр ажиллаж байна. Хамгийн олуулаа байгаа нь Польш юм. Би ч биеийн амрыг бодоод гадагшаа гараад явчихаж болно. Тэр бол надад амархан ч би хүсэхгүй байна. Тэгэхээр энийг хэн хийх билээ. Тийм учраас л “МОНГОЛЫН УЛМАЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ДЭЛХИЙД ГАРАХ ГАРЦ” илтгэлийг хурал дээр зоригтойгоор тавьсан хэрэг.

ESA—Уламжлалт эмчилгээний технологио гадагшаа гаргана гэвэл дургүйцэх хүн олон байгаа байх?

  • Бидний үзэж судалдаг “Анагаах ухааны дөрвөн үндэс ном” бол нийтийн өмч. Нуугаад байх юм байхгүй шүү дээ. Монголын уламжлалт анагаах ухаан түүхэн талаасаа дөрвөн “хөлтэй”. Нэгдүгээрх нь өвөг дээдсээс бидэнд үлдээсэн анагаан эдгэрүүлэх урлаг байгаа юм. Тэрийг бид ДОМ ЗАСАЛ гэдэг. Энэ бол нэн эртний буюу монголчуудын унаган эмчилгээний арга. Өвөг дээдэс маань энэ аргаа хөрш орныхтойгоо синтезжүүлээд явдаг байж. Үүний тулд Энэтхэгийн 5000 жилийн түүхтэй Аюурвидын анагаах ухаантай нийлэгжүүлж, дом засал дотор байгаа ойлголтуудаа онолоор баяжуулсан. Дараа нь Хятадын анагаах ухаанаас зүү төөнүүрийг авах жишээний. Үүн дээр бас төвд нэмэгдэнэ. Тэгэхээр манай уламжлалт анагаах ухаан нь дом засал болоод энэтхэг, хятад, төвдийн дөрвөн хөлтэй болж байгаа юм. Ийм байхад энэ баялаг анагаах ухааныг өмчлөх хэцүү л дээ. Жишээ нь зүү төөнүүрийг бид өмчилж болохгүй. Гэхдээ зүүний хувьд монголчуудын “данстай” төөнө эмчилгээ гэж байна. Ялгаж салгах л хэрэгтэй. Ер нь уламжлалт анагаах ухааны эмчилгээний нандин аргууд их бий. Тэр аргыг зөвхөн дотооддоо хэрэглэхээс гадна гадагшаа гаргах л хэрэгтэй шүү дээ. Яагаад гадныхан сүүн бариа хийлгэж, айраганд орж, монгол сонгодог бүх биеийн бариа заслыг хийлгэх гэж монгол руу ирж болохгүй гэж. Сүүнд хаана орох юм бэ. Монголд л орно биз дээ. Бид чинь 60 сая малтай улс. Бас сэвслэх, арьслах заслыг нь монголд л хийнэ шүү дээ. Энэ бол уламжлалтын сонгодог эмчилгээнүүд. Ер нь урт насалж, удаан жаргая, билгийн, оюуны, биеийн чалхаа сайжруулахыг хүсвэл уламжлалт анагаах ухаанд олон сайхан арга байдаг.

Гэхдээ удахгүй чиний минийх гэж байхаа болино доо. Тэр цагт юу авч үлдэх вэ гэдгээ л сайн мэдэх хэрэгтэй. Хэдийгээр бусдад түгээж байгаа ч уг суурь нь монголчуудынх гэдэг гэрч баримтыг үлдээх ёстой юм. Би оюуны өмчид уламжлалт анагаах ухааны олон аргыг оруулах гэж үзсэн. Бүтэшгүй асуудал байна лээ. Энд бодлого, төр засгийн дэмжлэг, цаг хугацаа, мөнгө хэрэгтэй юм байна гэж ойлгоод орхисон.

ESA—Ямар, ямар эмчилгээний аргыг оюуны өмчид бүртгүүлэх гэж байсан юм бэ?

-Монгол төөнө, сэвслэх, арьслах засал, тархины доргилт гээд нэлээн урт жагсаалт гаргаад байлаа. Эдгээр бол цэвэр монголчуудын эмчилгээний арга. Тэрийгээ оюуны өмчөөр баталгаажуулаад, ЮНЕСКО-д бүртгүүлье гэсэн “Бусдыгаа бүртгүүлж амжаагүй учраас хүлээж бай” л гэдэг хариулт өгсөн.

Монгол уламжлалт анагаах ухаанд хүнийг судсаар, шээсээр гэхчилэн 36 аргаар шинжилж, 18 аргаар эмчилдэг. Гэхдээ уламжлалт анагаах ухаан нь өвдсөн хойно нь биш сэргийлэх аргыг эрж хайсан “хүний” түүх байгаа юм. Тэгэхээр урьдчилан сэргийлэх аргыг түлхүү гаргаж өгөх боломжтой. Одоо АНУ, Японы томоохон их дээд сургуулийн оюутнууд Монголд ирж лекц уншуулаад буцаж байна. Тэд боломжийг олоод харчихсан байна. Өөр нэг жишээ татахад Хятад 2024 он гэхэд 130 тэрбум долларын ашгийг уламжлалт эмнээсээ олохоор тооцоолсон байна. Аюурвид гэхэд жилдээ 1,2-1,6 сая долларыг олж байна. Тэгвэл бид нэг сая долларыг яагаад олж болохгүй гэж. Хятадын хувьд төрийн бодлого болж явдаг учраас аргагүй юм. 20 жилийн дараа тэдний анагаах ухаан бусад орны хувьд үндсэн хэсэг болно. Өнгөрсөн удаад Норвеги улс Хятадтай гэрээ хийгээд уламжлалт анагаах ухааныг нь өөрийн болгоод авчихлаа. Энд сонирхуулахад, дэлхийд анагаах ухааны дөрвөн том урсгал бий. Эртний Грек, Ромынх байгаад дараа нь Арабын анагаах ухаантай нэгдээд орчин цагийн анагаах ухаан гэдэг ойлголт бий болсон. Харин дорно дахинд эртний Хятад, Энэтхэгийн хоёр хүчирхэг анагаах ухаан нь уламжлалаа хадгалсаар л явна. Өнөөдөр орчин цагийн анагаах ухаан бараг нөөцөө шавхаж байхад уламжлалт нь цагаан цаасан дээр маш сонирхолтойгоор бичигдэж эхэлж байна. Хоёулаа сонирхолтой жишээ татъя. Ингэхэд та хэдэн хүүхэдтэй вэ?

ESA— Хоёр охинтой?

  • Тэгвэл би танд хүү төрүүлэх аргыг энэ судраасаа зааж өгөөд мөнгө авч болно. Хүүхэд олдсоны эхний 14 хоногт нь хүйсийг нь урвуулаад эрэгтэй болгодог аргыг уламжлалтын номонд л бичсэн байна шүү дээ. Тэрийг би гарц гэж хэлээд байгаа юм. Яагаад гэвэл дэлхийн баячууд хүүтэй болохын тулд монголд ирж болно. Үүний тулд бид судар номоо сайтар ухаж, нарийн учрыг нь ойлгох хэрэгтэй. Сударт бол дандаа ёгт үгээр, тайлж уншихаар бичсэн байдаг. Тухайлбал, бөөрний усан хавангийн үед шөнөөр харагчийн өдийг шатаагаад хэрэглэ гэж байна. Шөнөөр хардаг юу байх уу?

ESA—Шар шувуу?

  • Тийм ээ, та зөв хэллээ. Тэгвэл үе мөчний өвчинд чихтэй цус сайн гэж байна. Энэ номд ийм аргаар бичдэг. Тэгэхээр үүний цаадахыг тайлж уншина гэдэг маш гоё. Бидэнд хангалттай ном судар үлдсэн. Нэг сонирхолтой судар харуулах уу. /ширээн дэх шүүгээгээ уудалж, баринтагтай ном гаргав/ Жишээлбэл, энэ номыг анагаахын талаас нь орчуулаад гаргах гэж байна. Өмнө нь хоёр ч удаа лам нар орчуулсан байдаг. Нэрийг нь орчуулбал “Маш гайхамшигт баясгалангийн хуримын сан” гээд монгол хүний төвд хэлээр бичсэн анагаах ухааны ном байгаа юм. Баринтагийг нь хар даа. Бүүр сэмэрчихсэн. Хоргой юм уу торго юм уу маш нарийн хийцтэй байгаа биз. Гэхдээ энэ хамгийн сүүлд 1922 онд барласан ном. Жирийн нэгэн өвөөгийн авдарт байсан юм.

ESA—Танд яаж ирсэн байх уу?

  • Моод болсон нэг үг байгаа биз дээ. Хэн их хөдөлмөрлөнө, түүнийг бурхан харж үздэг гэж. Үнэн юм шиг байна лээ. /Судраас дэлгэж харуулав/ Судас барьдаг аргыг ийм нарийн заасан байна. Бас хүүхдийн чихний судсаар оношлодог аргыг зурагтай нь үлдээжээ. Зургаа хүртэлхи насны хүүхдийн судсаар биш чихний судсаар оношлодгийг эндээс мэдээд авч байгаа юм. Энэчлэн монгол хүний бичсэн 4-400 хуудастай далаад ном бидэнд бий. Тэрийг хэн ч судлаагүй. Би өнөөдөр эхнээс нь үзүүлээд сууж байгаа нь энэ. Нэмж сонирхуулахад маш эртнийх нь Лигдэн хааны зарлигтай 1634 онд бичсэн анагаахын ном байдаг. Монголын алтан ургийн сүүлчийн хаан Лигдэн хутагт өөрөө зарлиг болгоод анагаах ухааны ном орчуулуулсан гар бичмэл. Ер нь шатахгүй, устдаггүй юм гэж байдаг байх аа.

ESA—Уламжлалт анагаах ухаанд зөвхөн Монголд л данстай ямар эмчилгээнүүд байна вэ?

  • Олоон. Жишээ нь тархины доргилтын бариа засал байна. Үүнийг манайхаас өөр газар хийдэггүй. Уламжлалт анагаах ухааны ойлголтоор тайлбарлавал энэ их энгийн. Арга, билгийн үүднээс тайлбарлана. Өөрөөр хэлбэл доргисноос арга билгийн харьцаа алдсаныг буцаагаад доргиож оруулдаг. Хоёр бух, хоёр ухна мөргөлдөхөд тархи доргидоггүй. Харин ч мөргөлдөх тусмаа таатай байгаа нь анзаарагддаг. Хүн сэтгэдэг буюу төв мэдрэлийн системтэй л болохоос тэдэнтэй адил амьтан шүү дээ. Гэхдээ эхлээд бид нар сонгодог уламжлалт ойлголтоор нь ойлгох ёстой.

Доргисон тархийг доргиож оруулах нь зөвхөн нүүдэлчдийн эмчилгээний сонгодог арга. Жишээ нь АНУ-ын хөлбөмбөгчид тархи доргих бол энүүхэнд. Тэр тохиолдолд зургаан сар хэвтрийн дэглэм сахихыг зөвлөдөг. Тэгэхэд Монголд оношлодог, оруулдаг аргатай. Үүнийг нь өнөөдөр шинжлэх ухааны үндсээр нь заах ёстой юм. Мөн судасны ухааныг илүү нарийвчлан заамаар байна. Өнөөдөр судсаар оношлоно гэдэг гайхамшиг юм шиг, эсхүл сурах аргагүй хэцүү гэж ярьдаг. Үнэндээ судас барих 13 арга л байдаг юм. Мэдээж үүний цаана нууц увидас байсан ч тасарсан болохоор бид яах билээ. Гэхдээ одоо судраа ухаад байхаар учрыг нь ойлгож байна. Судас барих 13 аргын дотор нэг сонин арга бий. Төвдөөс нь орчуулбал “Гайхамшигт долоон судас” гэдэг арга байна. Тэр дотор нь гал усыг урвуулах арга гэж байдаг. Жишээлбэл, аавынх нь өвчнийг хүүгийнх нь судсыг бариад хэлнэ гэсэн үг юм. Хуучин цагт аав нь өвчтэй хэвтэж байдаг. Унааны ганц морьтой ядуу айл маарамбад хэл хүргэх бол хүү нь очих нь байна. Энэ аргыг ч аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ ашиглаж болно. Магадгүй намайг фантаз юм ярьж байна гэж бодож болох юм. Гэхдээ сударт байгаа л юмыг ярьж байна. Монгол хүн төвдөөр бичээд, монгол бичгээр орчуулаад үлдээсэн нь бидэнд өвлөн ирсэн. Жирэмсэн эмэгтэйн судсыг бариад эрэгтэй, эмэгтэй хүүхдийн аль нь вэ гэдгийг тогтоож бас болно. Өөр бас 18 нас хүрсэн хүүхдүүдийн цусны бүлгийг тогтоодогтой адил эр,эм боди суудлыг нь тогтож болно. Би таныг шууд хэлнэ. Та, гэр бүлийнхээ хүнтэй хоёулаа эм суудалтай. Та хоёроос цаашдаа ч охин гарна. Гэхдээ хүү төрүүлэх магадлал байна. Эм суудалтай эрчүүд биеэ сайн арчилбал урт насалдаг.

ESA—Эмэгтэй нь эр суудалтай бол яах уу?

  • Тийм тохиолдолд төрүүлсэн хүүхэд нь баатар зоригтой, бяр тэнхээтэй төрнө гэж хуучны ном сударт бичсэн. Одоогоор бол бөх төрнө өө л гэсэнүг. Ийм гайхамшиг бидэнд байгаа учраас би ам бардам яриад сууна. Миний хувьд энэ талаар 24 жил судаллаа. Энэ чиглэлээр их дээд сургуульд багшилж, судалгааны ажил хийлээ. Төрийн захиргааны байгууллагад уламжлалт эмнэлэг хариуцаж зургаан жил ажиллалаа. Олон ч ном бичлээ. Даанч монголчууд бидний хэлснийг амьдралдаа мөрдлөг болгохгүй юм даа.

ESA—Сүсэг бишрэл, итгэл үнэмшил дутдаг юм болов уу?

  • Монголчууд чинь бүүр мухар сүсэгтэй юм биш үү. Огт өөр юм сонирхоод яваад байдгийг би ойлгодоггүй. Гэхдээ өвгөдийнхөө үлдээсэн шинжлэх ухааны үндэстэй ийм нандинй зүйлийг нэг амьсгаагаар түгээнэ гэдэг хэцүү ч алхам, алхмаар хийж явна.

ESA—Сэтгэл хүрсэн газар бие хүрдэг. Таны ажил үйлст амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *