“ГОЛДЕН ЗААМАР” БОКСЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН БОЛНО

“ГОЛДЕН ЗААМАР” БОКСЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН БОЛНО
Төв аймгийн Заамар суманд “Голден Заамар” боксын Олон улсын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн нь ирэх зургадугаар сарын 12-ноос 15-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд өсвөр үе, насанд хүрэгчид гэсэн ангилалд тамирчид өрсөлдөх аж. Насанд хүрэгчдийн эрэгтэй 52, 57, 63, 69, Эмэгтэй 54 жингийн ангилалд тэмцээнүүд зохиогдох юм байна.
Уг жингүүдэд Монгол Улсад ритэнгээрээ эхний 8-д жагсаж байгаа тамирчид оролцохоороо онцлогтой талаар зохион байгуулагчдын зүгээс танилцуулсан юм. “Голден заамар боксын” Олон Улсын тэмцээнд одоогийн байдлаар ОХУ, БНХАУ-ын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Монголоос МУГТ У.Мөнх-Эрдэнэ, Азийн аварга, ОУ-ын хэмжээний мастер Э.Цэндбаатар, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, Эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандинцэцэг гэх мэт тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монгол Улсын боксын спортын түүхэнд анх удаа Олон Улсын тэмцээн сум багт зохион байгуулагдаж байгаа юм байна.
“ГОЛДЕН ЗААМАР” Олон Улсын боксын тэмцээнийг Төв аймгийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ганзориг, Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч, Төв аймгийн боксын холбооны тэргүүн Ц.Энхболд нар санаачилжээ.
Дашрамд дурьдахад “Голден заамар боксын” ОУ-ын тэмцээний Ерөнхий байгуулагчаар нь Төв аймгийн боксын холбоо, Алтан од боксын клуб ажиллаж байна. Харин хамтран зохион байгуулагчаар Монголын боксын холбоо Заамар сумын ИТХ, Хайлааст багийн засаг даргын тамгын газар, Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, Гэрэлт ирээдүй залуусын нэгдэл НҮТБ, Заамар сумын залуучуудын холбоо ажиллаж байгаа аж.
Сонирхуулахад “Голден заамар” боксын ОУ-ын тэмцээн нь “Шижир Алт” боксын клуб үүссэний 17 жилийн ой, “Алтан-Од” клубын 5 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа тэмцээн юм байна. Эдгээр клүбээс нийтдээ 5-н ОУ-ын хэмжээний мастер, 14 спортын мастер төрөн гарчээ. Үүнээс хамгийн том амжилт үзүүлсэн нь Ганхуягийн Ган-Эрдэнэ юм байна. Г.Ган-Эрдэнэ нь Азийн аваргын мөнгөн медаль, Дэлхийн аваргын 5-р байр, 2016 оны Риогийн олимпийн их наадмын 5-р байрын шагнал, МУ-ын 11 удаагийн аварга, Дэлхийн цомын хошой аварга зэрэг амжилтыг үзүүлж байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *