Нийтийн зам талбайд зорчих зориулалт бүхий хамгийн хурдтай автомашиныг Италичууд бүтээжээ

Нийтийн зам талбайд унах зориулалттай, дэлхийн хамгийн хурдан автомашиныг Италийн компани зохион бүтээснээ Швейцарийн Женевт болж буй үзэсгэлэн дээр өнөөдөр танилцуулж байна. Сонирхолтой нь Пининфарина Баттиста гэдэг нэртэй уг машин бүрэн цахилгаан хөдөлгүүртэй юм.
Automobili Pininfarina компанийн бүтээсэн энэхүү төмөр хүлэг хоёр секунд хүрэхгүй хугацаанд 0-ээс 100км/цаг хүртэл хурдалж чаддаг. Мөн 12 секундын дотор 300км/цаг хүрч хурдлах чадалтай юм. Хурдны дээд хязгаар нь 400км/цаг бөгөөд нэг бүрэн цэнэглэлтээр 450 км зам туулах чадвартай ажэ.

Тоормослох чадварын хэмжүүрээр хөдөлгүүрийн чадал нь 1,900 морины хүчтэй буюу Формула Нэг уралдааны төмөр хүлгүүдийнхээс хоёр дахин их юм. Үйлдвэрлэгч Automobili Pininfarina компанийн эцэг компани Pininfarina нь Феррари, Альфа Ромео зэрэг брэндийн бүтээгдэхүүний загварыг гаргадаг Италийн домогт дизайн бүтээгч ажээ. Тус компанийн хяналтын хувийг Энэтхэгийн Махиндра групп 2015 онд худалдаж авсан юм. Махиндра группт Өмнөд Солонгосын SsangYong Motor авто үйлдвэрлэгч багтдаг. АНУ-ын Тесла компани цахилгаан автомашиныг масс зах зээлийн хэрэглээ болгохоор ажиллаж байгаа. Харин Automobili Pininfarina нь эсрэг чиглэлд буюу цахилгаан хөдөлгүүрт автомашиныг тансаг, тусгай, баячуудын цуглуулгад багтдаг үнэт эдлэл болгохоор ажиллаж байгааг Махиндра группын ерөнхийлөгч Ананд Махиндра тайлбарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *