Эмүжин: Өглөө сэрэхэд мөөмөн дээр…

Эмэгтэйчүүдийн эрх хаана сөхөрдөг вэ? Энэ зэвүүн муухай асуултанд олон олон хариулт бий. Хайртай бүхнийхээ өмнө харин ч нэг байхгүй болно доо, тэр эрх гэдэг юм чинь…шөнөөр хүүхэд уйлна, унтаж амрах эрхтэй гээд ямар ямбайгаад хэвтээд байлтай биш, харайгаад босно, хайрлаад хөхүүлнэ, живхийг нь солино, жигтэй их хайр хүрнэ. Аягүй бол ахиад унтахгүй, хөөрхөн хөлийг нь үнэрлэнэ…за тэгснээ томоо болохоор нь тэгж ч хайрлана, ингэж ч тэвэрнэ, тийм ч бэртэй болно, ийм ч хүргэнийг хүлээж авахгүй гээд хайрын мөрөөдөлдөө умбаад халуун нойр будаа. Үрийнхээ өмнө үртэс болтол нь үрнэ дээ, нөгөө эрх гэдгийг чинь. Хайртай залуу, ханилсан ханийнхаа өмнө бүүр үрэн таран хийнэ. Гэзгээ гоёно, гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ, хорвоог чимнэ, гал тогоогоо бужигнуулна, галзуу амттай хоол хийнэ…угаана, цэвэрлэнэ, жаргаана, жарвалзана. Бөх үзэхээр нь бөхөлзөнө, хөл бөмбөг үзэхээр нь хөөрхөн жийгдэнэ. Халамцуу ирэхэд нь харайж босно, хайрлаж угтана, хялалзах ч эрхгүй, хямсалзах ч боломжгүй. Аашны сайхныг үйлдвэрлэж, амьдралын сайхныг магтсаар байгаад хурдхан унтуулж авахаа л бодно. Шартаад сэрэхээр нь хурган бантан, халуун цай, за тэгээд зуун грамм, зуудаг ааштай угтана гээд юун нөгөө эмэгтэйчүүдийн эрх, эрийн өмнө элгээрээ нам ойчно. Хайртай хэн нэг нь өвдвөл бүүр эрх байтугай хохирол ярих нь илүү амар. Эрчүүд л болсон хойно эм уухгүй, эмчид очихгүй. Хүүхэд л болсон хойно хөл гараа саваад ойчно, хөөрхөн чадчихна. Өмнөөс нь өвдөөд л, урдаас нь урвайгаад л, эмээ уучих гэж гуйгаад, эмчид очъё гэж аргадаад, бүх дэлхийг бүүр өөртэйгээ амлаж, нэг бус, нэг зуун эмэгчний зан гаргаж байж нөгөө хэдийгээ эдгээж авна. Өөрөө өвдвөл юу болно гээч? Нүдээ аниад хэвтэхийн заяа байхгүй. Тэр ч шанага хаана байдгийн, энэ ч хоолны сав яачихав, тийм ч мах яаж амтлах уу, ийм ч ногоо хаачив гээд чухам гал тогоог нь өвөртлөөд өвдчихсөн юм шиг л өмөлзөөд, өрвийгөөд, өрөвдүүлээд…хаа нэг тийшээ ажлаар явбал араас бас иймэрхүү асуултууд ар араасаа ундраастай. Эрхээ авч үлдэхийн тулд энэ хэдийгээ сургана, хүмүүжүүлнэ, дээр нь нэмээд тунирхана, туялзана, уйлна, уурлана. Эмэгтэйчүүдийн эрх хаана, хэний өмнө бүдэрдэг вэ гэж үү? За манай хүүхнүүд өөрсдөө хариулна даа, хариулна. Өглөө сэрэхэд мөөмөн дээр эр хүний том гар, эгдүүтэй бяцханы элдэвтэй булцгар гар хоёр уралдаж угтах ч амьдрал шүү, гэхдээ нөгөө эрх мэрх нь мөн үү, хөөе. Сүүлийн үед хажууд суугаа залуугийнхаа харцыг ч булаах эрхгүй болсон. Ажлын байрны нөгөө юуны дарамт гээд Хүний эрхийн комисст мэдээлэхгүй л бол хүн байх эрхээ зөрчиж байгаа нь тэр юм гэсэн. Энэ янзаараа хайрлуулах, дурлуулах ч эрхгүй…хайран хорвоо болох гээд байдаг. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдахыг л ер нь бол эрх чөлөө, эрүүл амьдрал гэж байгаа юм гэнэлээ. Шил дарс, ширхэг шоколадаар хэмжүүлэх үе ч ирнэ. Ингэхэд тэр эмэгтэйчүүдийн эрх гэдэг чинь яг юу юм бэ? Ойлгодог мэддэг хүн байна уу? Эрхээ хамгаалъя гэвэл эргүй эм, хүүхэдгүй хүүхэн…эрхээ золиослоё гэвэл гэр дүүрэн хайр ба хагас эрх чөлөө…өөрсдөө сонгоод байж дээ, хүүхнүүд ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *